Доктор Ч.Жаргал: “Голио азаа үзэх гэж тэргэн доогуур оров” гээч болсон юм биш биз? Үгүй л байгаасай...

Чимэдбазарын Жаргал бол Олон Улсын Атомын Энергийн агентлагт цөмийн зэвсгийн байцаагчаар 25 жил ажиллаж байгаа монгол хүн. Тэрээр ОУАЭА-д ажилласан Монгол улсын анхдагч иргэн, физик-математикийн ухааны доктор. 2005 онд ОУАЭА-ын хамт олон ба Ерөнхий захирал нь Нобелын энх тайвны шагналаар тус тусдаа шагнуулахад, энэ шагналын тодорхойлолтод томъолсон үйл хэрэгт, 15 жилийн хөдөлмөрөөрөө бодитой хувь нэмэр оруулсныхаа төлөө шагнал хүртэгсдийн нэг юм. Өргөн мэдлэг, арвин туршлагатай Ч.Жаргалтай өнгөрүүлсэн намтар, өнөөдрийн ажлаас нь илүү өөр "том" сэдвээр ярилцлаа. Бидний ярианы сэдэв олны анхаарлын төвд байгаа чухал 100 сэдвийн ард байгаа амин чухал нэг л хүчин зүйлийг хөндсөн юм. Энэ бол...


-Монгол бол хөгжиж буй орон гэсэн ангилалд багтдаг улс. Хөгжиж байгаа орнуудын шийдвэр гаргагчид өмнөө тулгарсан зорилтыг шийдвэрлэх талаар амжилттай бодлого хэрэгжүүлдэг нь ч бий, бас үгүй нь ч бий. Одоо бид уул уурхайтай холбоотой шийдвэр гаргаж чадахгүй, бас л том сорилтын өмнө гацан зогсож байна...

-Өнөөдөр дэлхий дахины ажил хэргийн ертөнцөд “туршлага“ хэмээх мэдлэгийн хүрээ үүсчихлээ л дээ. Өндөр түвшинд ажил хэрэг эрхлэн явуулах хэмжээнд туршлагажсан цөөхөн хүмүүс буюу “туршлага эзэмшигч” нар ажил хэргийн амжилтыг голлон тодорхойлох болж. Эрх мэдэл бүхий бүтцээр дамжин хууль ёсны хэлбэрт шилжиж байж аливаа шийдвэр гардаг. Гэвч энэ шийдвэрийн ард нөгөөх л “туршлага“ хэмээх мэдлэгийн хүрээ, түүний төлөөлөл болох “туршлага эзэмшигч” болсон хэргийн эзэн, хэнгэргийн дохиур зогсож байдаг. “Туршлагатай боловсон хүчин” гэдэг хэвшсэн хэллэгийн оронд “туршлага  эзэмшигч”  гэсэн хэллэг би хэрэглэлээ. Ямарваа нэг дэвшилтэт шинэ зүйл бүх хүмүүст нэгэн зэрэг, яг нэг цаг мөчид буй болдоггүй. Эхлээд нэг л хүн түүнийг үүсгэн бий болгож, нэг л хүн түүнийг эзэмшдэг. Яваандаа олон нийт юм уу эсвэл хэсэг бүлэг хүмүүс түүнийг нь ойлгон хүлээн зөвшөөрнөө дөө. Олны хүртээл болтол цаг хугацаа, хүч чармайлт, тодорхой шат дамжлага шаардагдана. Ийм ч учраас аливаа нэг дэвшилтэт шинэ зүйлийн тархалт хуучрах хүртлээ хязгаарлагдмал байдалд байдаг. Дашрамд дурьдахад, олонхийн гаргасан шийдвэрүүд  зарим тохиолдолд буруу байдаг нь энэ үндэслэлтэй холбоотой. “Туршлага“ гэж миний нэрлээд байгаа мэдлэгийн хүрээнд хамаарах, амжилтыг голлон тодорхойлдог загвар шийдвэр маань голчлон үнэт мэдээлэлийн ангилалд хамаардаг. Тийм ч учраас түүнийг бүхэлд нь буюу хэсэгчлэн тодорхой хугацаанд нууцладаг. Тэр үнэт мэдээлэл шинэчлэгдэх, баяжих үйл явц тасралтгүй явагдана. Гэхдээ нэг л өдөр нэгэнт хэрэглэгдээд үр дүнгээ өгч дуусна. Дараачийн илүү дэвшилттэй загвараар солигдоход бүхэлд нь буюу хэсэгчлэн нээлттэй мэдээллийн ангилалд шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл шүүсийг нь шахаж дууссан нимбэгний хальс мэт хаяж нийтийн хүртээл болгодог юм. 

-Таны томъёолоод байгаа тэр “туршлага” гэж чухам юуг хэлээд байна? Манайд одоо Таван толгой шиг том төслүүдийг хөдөлгөхөд олон нийт, эрдэмтэн судлаач, экспертүүдийн санал, туршлагыг харгалзана гэж бас ярьдаг. Туршлага эзэмшигчид болон эрдэмтэд юугаараа ялгаатай юм бэ?

  -Мэдлэгийн системийг мэдээллийн хэсгүүд бүрдүүлдэг. Энэ мэдээллийн хэсгүүд техник технологи хөгжсөн орчин цагт үндсэндээ бүх нийтийн хүртээл болж чадсан. Хэн дуртай хүн өнөөдөр тодорхой нэгэн асуудлын талаар түгээмэл юмуу төрөлжсөн нэвтэрхий толь бичгээс эхлээд төрөлжсөн мэдээлэлийн сан руу нэвтэрч, чамгүй нарийн мэдээлэлтэй болж чадна. Тэр битгий хэл, энэ талаарх эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй ч хүртэл танилцах боломжтой болсон шүү дээ. Мэдээж, ойлгож чадах хязгаартаа тултлаа. Атомын бөмбөгийн тухай техникийн ерөнхий ойлголтыг дунд сургуулийн хүүхэд ч нэвтэрхий толь бичгээс авч болно. Харин мэдлэгийн энэ иж бүрэн системийг бүрдүүлэгч мэдээллийн хэсэг нэгжүүдийн хоорондын уялдаа холбоосыг ойлгон эзэмших, хэрэглэгдэх буюу хүчин төгөлдөр байх хязгаар хүрээг нь мэдэх асуудал даанч өөр. Мэдлэгийн системийн энэ хэсэг бүх нийтийн хүртээл болох нь битгий хэл салбарын нилээд өндөр түвшний мэрэгжилтэн ч бүрэн ойлгож мэдэхэд бэрхшээлтэй байдаг зүйл. Ямарваа нэгэн үйл ажиллагааны өнгөн хэсэг, явагдах урсгал, журам, хэрэгжих дэс дарааллыг мэдсэнээрээ “туршлага”-тай болчихлоо гэж төөрөлдөх нь бий.

Өндөр түвшний “туршлага”-ыг дангаар нь мөнгөөр үнэлэн худалдаж авч болохгүй гэж үздэг л дээ. Орчин үед мөнгөөр худалдаж авч болохгүй цөөхөн зүйлийн нэг гэх үү дээ. Харин ямарваа нэг хэмжээгээр  туршлага гээч нь шингэсэн үйл ажиллагаа, төсөл, бүтээгдэхүүн бол арилжаалж болох зүйл байдаг. Тэгэхээр туршлага бол орчин үеийн мэдлэгийн иж бүрэн систем, энэ системийг бүрдүүлэгч мэдээллийн нэгжүүд, нэгжүүдийн хэлхээ холбоосууд, хоорондоо хэрэглэгдэх буюу хүчин төгөлдөр байх хүрээ хязгаарын тухай цогц ойлголт. Туршлагыг үр дүнтэй хэрэглэх нь амжилтад хүрэх баталгаа.

- Тэгвэл “туршлага эзэмшигч” нар гэж хэн юм? 

-Үндсэндээ дээр дурьдсан туршлага, тэр мэдлэгийн иж бүрэн системийг бүрдүүлэгч мэдээллийн хэсэг нэгжүүд, ялангуяа тэдгээрийн хоорондын хэлхээ холбоос, шүтэлцээг ойлгож эзэшсэн, эсвэл өөрөө шууд ойлгож мэдэхгүй ч шаардлагатай үед нь ойлгож мэдэх арга замуудыг мэддэг хүнийг л  туршлага эзэмшигч гэж хэлээд байгаа юм. “Туршлага эзэмшигч”-ийн гайхамшигтай нэг чадвар бол тухайн салбар чиглэлд шинээр гарч мэдээлэл бүтээлүүд нь миний хэлсэн үндсэн мэдлэгийн системд ямар байр суурь эзлэх, системийг бүрдүүлэгч мэдээлэлийн  бусад нэгжүүдтэй яаж холбогдохыг нь тогтоож чаддаг байх. Өнөөдөр дэлхий дахинд амжилттай ажиллаж байгаа, цаашид амжилттай ажиллах тавилан нь баталгаажсан бүтцүүдийн удирдлага мөнөөх л “туршлага эзэмшигч”-дээс бүрдэл болдог. Эсвэл “туршлага эзэмшигч”-дийг ашигладаг. “Туршлага эзэмшигч”-дийн гол онцлог бол тэд, ажлын эцсийн амжилтанд хүрэх арга замыг мэддэг, хэрэгжүүлж чаддагт л байгаа юм. 

-Туршлага эзэмшигч нар хаанаас бий болдог вэ? Төрөлхийн гоц улс уу? Тусгай, нууц хүрээлэнд бэлтгээд байна гэж лав үгүй биз?

-Туршлага эзэмшигчдийг зохион байгуулалттайгаар, дагнан бэлтгэдэг сургалтын тусгай систем дэлхий дээр хаа ч байхгүй нь мэдээж. Дэлхийн алдартай их дээд сургууль төгсөгчдийн цөөнх хувь нь доод тал нь 10 - 15 жил ажил мэргэжлийн нэн тааламжтай нөхцөлд ажилласныхаа дараа л “туршлага” хуримтлуулж, туршлага эзэмшигчдийн эгнээнд шилждэг гээд бод доо. Энэ бол туршлага эзэмшигчдийн бий болдог уламжлалт зам. Ажил мэргэжлийн нэн тохиромжтой, тааламжтай нөхцөл гэж юуг хэлээд байгаа юм бэ? “Туршлага“  хэрэглэгддэг орчныг л хэлнэ. Эхнээсээ туршлага хэрэглэлгүй, алдаж онож явсаар туршлага хүримтлуулах зам орчин үед байхгүй.  “Туршлага“ хэмээх мэдлэгийн хүрээнд нэвтрэн орох нь ховорхон олдох боломж. Ажил эрэгсдийн эгнээнээс бус харин өрсөлдөх чадвар өндөртэй ажил сонгогчдын эгнээнээс “туршлага эзэмшигч”-дийн залгамж үе тодордог юм. Өөрөөр хэлбэл, тухайн салбарт мэргэшин өөрөө ажлаа сонгож авах зиндаанд хүрсэн хүмүүс дотроос гэсэн үг. Орчин үеийн “туршлага эзэмшигч” нар ихэвчлэн байгалийн шинжлэх ухаан, техник технологи, нийгмийн ухаан хосолсон дэвсгэр боловсрол эзэмшсэн байна. 

- Хосолсон дэвсгэр боловсрол эзэмшсэн гэхээр байгаль, техник технологийн чиглэлийн эрдэмтэд таны онцлоод байгаа туршлага эзэмшигч нар болох уу? Уучлаарай, дахиад л манай эдийн засгийн сондгой ганц багана болсон уул уурхай, түүний халуун сэдэв болсон “Таван толгой”-н баялаг руу хазайж магадгүй асуулт тавьчих шиг боллоо.

- Эрдэмтэд болон “туршлага эзэмшигч”-дийн хооронд том буюу жижиг, эсвэл энэ хоёрын хооронд орших бүх хэмжээний ялгаа бий. Эрдэмтэн, эрдмийн цол зэрэгтэй хүмүүс гэж хэнийг хэлэх вэ? Тухайн салбарт дэвсгэр боловсрол эзэмшиж, улмаар шинжлэх ухааны тодорхой нарийн аргачлал суралцаад, түүнийгээ хэрэглэх буюу хөгжүүлэх замаар бүтээл гарган шинжлэх ухаанд хувь нэмэр оруулсан, эсвэл оруулж байгаа, гол төлөв төрөлхийн авьяаслаг хүмүүсийг хэлдэг. Эрдэмтэн хүн эрдмийн бүтээл гаргасан тэр явцуу чиглэлийнхээ тэргүүн мэдлэг эзэмшигчдийн нэг байдаг. Эрдэмтэн хүний ажил, үүрэг нь тухайн чиглэлийнхээ тэргүүн мэдлэгийг цаашид гүнзгийрүүлэх, тэлэхэд оршдог. Тухайн чиглэлийнхээ тэргүүн мэдлэгийг эзэмшигчийн хувьд эрдэмтэн хүн “туршлага эзэмшигч”-ийн дээр дурьдсан мэдлэгийг эзэмшсэн байх шаардлага огт байхгүй. Харин ч эрдэмтний тухайн бүтээл амьдралд хэзээ, яаж, ямар шат дамжлагаар хэрэгжихийг, угаасаа хэрэгжих эсэхийг мөнөөх л туршлага эзэмшигч тодорхойлдог, мэддэг, шийддэг. 

Туршлага эзэмшигч нар ч гэсэн тухайн салбар чиглэлд шинээр гарч ирсэн бүтээлүүдийг бий болгосон шинжлэх ухааны тодорхой нарийн аргачлалыг эрдэмтэн хүний хэмжээнд эзэмшсэн байх шаардлага заавал байхгүй. Эрдэмтэд дэвсгэр боловсролынхоо давамгай талыг ашиглан туршлага эзэмшигчдийн эгнээнд шилжих явдал байдаг л даа. Гэхдээ эрдэмтэн гэдэг нь үүнд шийдвэрлэх үүрэг огтхон ч биш. Дашрамд дурьдахад, эрдэмтэдийн талаар гол төлөв хөгжиж байгаа орнуудын олон нийтэд тархсан “Эрдэмтэд бүхнийг мэддэг” гэх гаж ойлголт бий. Эрдэмтэн хүний ажил бүтээлийг үнэн зөвөөр үнэлж чадах, зөвхөн тэр судалгааны чиглэлээр нь ажилладаг эрдэмтдийн явцуу хүрээлэл байдаг. Энэ хүрээлэлээс хальсан  үнэлгээ нийгэмд зарим гаж үзэгдэл үүсэх шалтгаан болох талтай. 

Таны асуултад дурдсан “Таван толгой”-н баялгийн тухайд. Жишээ нь, Монгол улсын хувьд уул уурхай, ашигт малтмалын салбараараа олон улсын хөдөлмөрийн хуваарилалтад багтан орж чадвал оршин тогтнох баталгаагаа ханган, нийтээрээ хөгжингүй нийгэм байгуулах зам нээгдэнэ. Голлох энэ чиглэлээр шийвэр гаргагчид болон хувийн хэвшилийн томоохон бүтцүүд орчин үеийн түвшинд ажил хэргээ явуулах шаардагатай болноо доо. Хүссэн ч, хүсээгүй ч “туршлага“ хэрэглэх шаардлага бол бодит зүйл. Нөгөөх шүүсийг нь шахаж дууссан нимбэгний хальс мэт нийтийн хүртээл болсон загвараар ажил хэргээ эрхлэн явуулаад амжилтад хүрэх баталгаа байхгүй. Гэхдээ сүйрэлд заавал хүргэнэ гэж бас муу амлаж болохгүй. “Шүүсийг нь шахаж дууссан нимбэгний хальс”-аар цайгаа амтлах буюу хэрэгцээгүй болсон гэж үздэг загвараар ажил хэрэг эрхлэн явуулснаар амжилтад хүрч байгаа урд  хөршийн маань жишээ бэлхэн байж л байна. Гэхдээ энэ нь  урд  хөршийн маань онцлогтой холбоотой, цаашид нэг их удаан үргэлжлэх боломжгүй. 

“Туршлага”-ыг дангаар нь мөнгөөр үнэлэн худалдаж авч болдоггүй ч “туршлага эзэмшигч”-дийг ашиглах хязгаарлагдмал боломж бий. Гэхдээ хаа нэг гадаад хүмүүсийг удирдах өндөр албан тушаалд мэр сэр ажиллуулах нь, гаднын болон олон улсын байгууллагуудаас алдаг оног зөвлөмж авах нь асуудлыг шийдэж байгаа хэрэг бас биш.

-Монголчууд том сорилт, том сонголтын өмнө зогсож байна. Таван толгой гэж хэлд орсон болгон нь хөл хүрэх газраа очиж ярьдаг цаг үеийг бид туулж байна. Дэлхий яаж хөдөлж, хаашаа эргэж буйг анзаарч, ажил зорилгоо амжуулж чадаж байна уу? 

-Эх орныхоо санаанд оромгүй их баялагийг одоо ч, ирээдүйд ч зөв зохистой эргэлтэд оруулах шийдэл хэрэгжиж байгаа буюу хэрэгжүүлэх шийдвэр гарах шатандаа байгааг хүн бүхэн мэднэ. Хэрэгжүүлэх үүрэг хариуцлага хүлээсэн хүмүүс ямар нэг замаар “туршлага” хэрэглэдэг үү? Тэд “туршлага эзэмшигч” нар мөн үү? “Туршлага эзэмшигч”-дийг үйл ажиллагаандаа ашиглаж байна уу? Эсвэл “туршлага” хэрэглэх шаардлагаас зайлсхийдэг үү? “Туршлага” хэрэглэхийг удирдлагын ухааны хэн бүхний мэдэх энгийн арга төдийхнөөр орлуулчихав уу? “Бурхангүй газрын бумба галзуурна, бухгүй газрын шар галзуурна” гэгчээр “туршлага” үгүй хүмүүс “туршлага эзэмшигч”-дийн дүрд тоглоод өнгөрсөн тохиолдол гарсан юм биш биз? Эсвэл нөгөөх шүүсийг нь шахаж дууссан нимбэгний хальс мэт нийтийн хүртээл болсон загвараар ажил явсан юм уу? Дэнслээд үзвэл “шүүсийг нь шахаж дууссан нимбэгний хальс” мэт нийтийн хүртээл болсон загвараар ажил хэрэг явуулах хувилбар нь “туршлага”-гүй хүмүүс “туршлага эзэмшигч”-дийн дүрд тоглохтой харьцуулахад хамаагүй бага эрсдэлтэй л дээ. Эсвэл бүр сонирхогчийн хэмжээний этгээдийн санаан зоргоор “голио азаа үзэх гэж тэргэн доогуур оров” гээч болсон юм биш биз? Үгүй л байгаасай…

"Үндэсний Шуудан" сонины 2015-05-08-ны дугаарт хэвлэгдсэн хувилбар.

Comments

Popular posts from this blog

Төв Азийн Тажикстан, Киргизстан, Узбекистан, Казахстан улсууд болон Монгол улсад явагдсан уран олборлолтын түүхэн үйл ажиллагаанаас өвлөгдөн үлдсэн байгаль орчны зарим асуудлууд

Цөмийн эрчим хүчний үйлдвэр ба Монголчууд бидний үзэл баримтлал

“Цөмийн энергийн болон цөмийн технологийн орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээ ба практикийн бага хурал ("Modern problems of nuclear energy and nuclear technologies" the International Scientific and Practical Conference)